Зарлал:
     
Энди Мюррэй хоёр дахь удаагаа
Зохиогч Баярсайхан Г   
Friday, 2010 оны 01 сарын 29

 

http://img.skysports.com/10/01/800x600/AndyMurray1_2411748.jpg

 

Их Британичуудын олон жил хүсэн хүлээсэн мөч ирээд байна. Энди Мюррэй Хорватын Марин Челичийг 4 сетэд 3-6, 6-4, 6-4, 6-2 гэсэн харьцаагар буулган авсанаар 2 дахь удаагаа Их Дуулгын финалд шалгарлаа.

Өмнө нь 2008 оны Австралийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтонд Энди Рожерт Федерерийн эсрэг юу ч хийж чадалгүй 6–2, 7–5, 6–2 гэсэн харьцаагаар ялагдаж байсан юм. Хорватын Марин Челичийн хувьд эхний сетэд тун сайн тоглож Эндигээс нэг сет салгаж дөнгөсөн ч дараагийн сетүүдэд амархан сульдаж байсан нь ялагдах үндэс нь болжээ.

Энэхүү ялалтыг байгуулснаар Мюррэй 1977 оноос хойш Австралийн нээлттэй тэмцээний финалд Их Британи тамирчин шалгараагүй хар цувралыг төгсгөл болголоо. Тоглолтын үеэр Хорватын хөлбөмбөгийн багийн өмсгөлтэй хөгжөөн дэмжигч талбайд гарч ирэн хамгаалалтын ажилчдыг багагүй сандаргасан. Гэхдээ мань эр санасандаа хүрч ямар ч байсан Челичтэй тэврэлдэж амжсан юм. Энэ жил 21 настай Челичийн хувьд хагас шигшээд шалгарах хүртлээ нийт 3 удаа 5 сет үргэлжилсэн хүнд тулаан хийж байж энэ хүртэл дэвшсэн бөгөөд нийт 18 цаг 8 минут тоглосон нь  одоогоор энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээний рекорд болоод байна. Энди Роддик, Хуан мартин дель Потро зэрэг шилдгүүд түүний хөлд үрэгдсэн юм.

Хэдийгээр ялагдсан ч гэсэн Челич ATP-гийн шинэчилсэн чансаагаар 10-р байр хүртэл урагшлах боломжтой болж байгаа. Өнгөрсөн оны 5 сард Челич чансааны 13-т бичигдэж карьерийнхаа оргил амжилтыг үзүүлж байсан удаатай. Тоглолтын дараа Энди ”Эхний сетэд Челичийн цохилтууд над дээр үнэхээр хүчтэй ирж байсан. Гэхдээ дараагийн үеэс би тэрний цохилтын эсрэг юу хийхээ мэдсэн учраас тийм ч их сандраагүй. Эцэст нь би ялж чадлаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Өнгөрсөн жил Их Дуулгын тэмцээнд би хэд хэдэн харамсалтай ялагдал хүлээсэн. Уимблдоныг санаж байгаа биздээ. Би тэр үед өөрийгөө финалд үлдлээ л гэж бодож байлаа. Гэвч бүх зүйл миний санаснаар болсонгүй. Харин энэ удаа би боломжоо алдахыг хүсэхгүй байна. ” гэжээ.
Энди хэрвээ шигшээ тоглолтонд ялалт байгуулах юм бол Новак Жокович, Рафаель Надалийн  байрыг булааж чансааны 2-р байранд бичигдэх боломжтой. Харин ялагдал хүлээвэл 3-р байр хүртэл ахина. Гэхдээ чансаанаас илүү түүнд Их Дуулгын цом чухал бизээ. Учир нь 1930 оноос хойш Их Британий ямар ч тамирчин Их Дуулгад түрүүлээгүй байгаа юм. Финалд хэн Федерер – Цонга хоёрын хэн нь түүнтэй өрсөлдөх эсэх одоо тодорхой болно.

Сүүлд шинэчлэгдсэн ( Friday, 2010 оны 01 сарын 29 )
 
Асашёорюү Д.Дагвадорж 25 дахь түрүүгээ авах нь тодорхой боллоо
Зохиогч news.mn   
Saturday, 2010 оны 01 сарын 23


 Токио хотын Кокугикан ордонд зохиогдож буй Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны анхны тэмцээн болох хацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Баруун жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадоржтой учраа тааран барилдаж, шитатэнагэ мэхээр давснаар 13 дахь даваагаа авч, маргаашийн барилдаанд их аварга Хакуход өвдөг шороодсон ч хацү башёд тэргүүлэх нь тодорхой боллоо. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү ийнхүү макүүчи зиндаанд 25 дахь түрүүгээ авсан юм.

Харин зүүн жигүүрийн манлай бөх их аварга Хакухо М.Даваажаргалын тухайд энэ өдөр Болгарын озэки Котооюштай барилдаж, уватэнагэ мэхээр давснаар башёгийн 11 дэх даваагаа авсан. Манай бусад бөхчүүдийн тухайд Какурюү М.Ананд маэгаширагийн зургаад эрэмбэлэгдсэн Аминишикитэй учраа тааран барилдаж, цүкиотоши мэхээр унаснаар найман унаатай болж, 50-иас дээш хувийн амжилтаа биелүүлэх боломжгүй болсон бол Кёкүтэнхо Н.Цэвэгням /М5/ зүүн жигүүрийн комүсүби Котошогикүг ёрикири мэхээр давж, найман даваатай боллоо.  Мөн энэ өдөр баруун жигүүрийн маэгаширагийн 11-т эрэмбэлэгдсэн Моконами Г.Базарсад кубинагэ мэхээр Точиозанг давснаар зургаан даваа, найман унаатай болсон юм.  Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүд харамсалтай нь өнөөдрийн барилдаанд өвдөг шороодлоо. Тодруулбал, Тамаваши Б.Мөнх-Оргил /М7/ Тоёохибикитэй, Шотэнро Д.Нямсүрэн /М9/ Тосаюүкататай, Хакуба А.Өнөржаргал /М/4 Хомашотой, харин Коорюү Э.Мөнх-Оргил /М16/ Котокасугатай тус тус оноолт тааран барилдсан боловч өрсөлдөгчдөдөө өвдөг шороодлоо.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Saturday, 2010 оны 01 сарын 23 )
 
Кайо дээд амжилтын эзэн боллоо
Зохиогч sportnews.mn   
Wednesday, 2010 оны 01 сарын 20

Японы мэргэжлийн сумо бөхийн 2010 оны 1-р сарын тэмцээний 3 дахь өдрийн барилдаанд озеки Кайо нэгэн үеийн өрсөлдөгч, энэ сард секиваки цолтой барилдаж байгаа Чиетайкайтай барилдаж давснаар энэ башёгийн 2 дахь аваагаа авлаа. Мөн тэрээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 808 дахь ялалтаа авснаар сумогийн түүхэнд дээд буюу макүүчи зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан агуу амжилтыг үзүүлэв. 

Өмнө нь уг амжилтыг домогт ёкозуна Чиенафужи 807 даваатайгаар эзэмшиж байсан бөгөөд түүний “Коконоэ” дэвжээний бөхийг нь давж, рекордийг нь эвдэж байна.

Нөгөө талаар Чиетайкай 3 дахь ялагдлаа хүлээлээ. Тэрээр 10 ялвал озеки цолоо эргүүлэн авах болзолтой ч энэ нь бараг бүтэшгүй даалгавар болон хувирч байх шиг байна. Магадгүй маргааш бид нэгэн үеийн хүчит арслангийн зодог тайлах мэдэгдлийг сонсохыг үгүйсгэхгүй.       

Одоогоор башёг 2 ёкозуна10:1 даваатай  тэргүүлж байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2010 оны 01 сарын 20 )
 
Америкийн Монголчуудын аварга шалгаруулах ХӨЛ БӨМБӨГИЙН тэмцээн хаянд ирлээ.
Зохиогч Болдсүх   
Thursday, 2010 оны 01 сарын 14

 АНУ-д ажиллаж, амьдарч буй нийт монголчуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог хөл бөмбөгийн аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн Калифорни мужийн Сан Франциско Бэй Аэриад анх удаагаа 2010 оны 5 сарын 29-нөөс 31-ны өдрүүдэд зохиогдох гэж байна.

Удахгүй зочид буудал, тэмцээн болох талбайн хаяг тодорхой болно. Америкт амьдарч буй их олон монголчуудыг нэг дор цуглах боломж олгодгоороо тэмцээн маань онцлог бөгөөд энэ үеэр өөрийн бизнес, үйлчилгээгээ сурталчилах, ивээн тэтгэх хамтран ажиллах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүдийг урьж байна. Тэмцээнтэй холбоотой асуудлаар бидэнд чөлөөтэй хандана уу.

Дэлгэрэнгүй хөтөлбөр болон бусад мэдээллийг http://www.bayareamongoliansoccer.com site-хүлээн авна уу.

БАМХЗ, Сан Франциско 2010 тэмцээнийг

зохион байгуулах ажлын хэсэг

Сүүлд шинэчлэгдсэн ( Thursday, 2010 оны 01 сарын 14 )
 
Давыденко Надалийг буулган авчээ
Зохиогч gogo.mn   
Wednesday, 2010 оны 01 сарын 13



Давыденко Надалийг буулган авчээ

Оросын газрын теннисчин Николай Давыденко Дохад болсон "Qatar Open" тэмцээний аваргын төлөө тоглолтод Испанийн Рафаэль Надалийг буулган авч шуугиан тариад байна.

Хагас шигшээд Рожер Федерерийг хожсон Давыденко Надальтай хийсэн тоглолтын эхний үед 0:6-аар хожигджээ. Гэвч тэрбээр хоёрдугаар үеэс тоглолтын санаачилгыг авч 7:6, 6:4-өөр өрсөлдөгчөө буулган авсан байна. Тоглолт бүтэн хоёр цаг, 43 минут үргэлжилж, Давыденко дэлхийн гурван номерийн теннисчин Рафаэль Надалийг гурав дахиа дараалан хожлоо. Давыденко мэргэжлийн теннист орсноос хойш 20 дахь тэмцээндээ ийнхүү түрүүлж байна.

Лондонд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон улирлын хаалтын тэмцээнд тэрбээр мөн л Надаль, Федерер хоёрыг хожиж чадсан юм.

Тэмцээний дараа Давыденко сэтгүүлчдэд тэмцээнд түрүүлсэн гэдэгтээ нэг л итгэж өгөхгүй байгаагаа хэлжээ.

Харин Надаль "Тэр үнэхээр гайхамшигтай тоглолт үзүүллээ. Тэр надаас илүү тоглосон" хэмээн ярьжээ.

  Долоо хоногийн дараа эхлэх гэж буй Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэх боломжтой эсэхийг нь  асуухад Давыденко "Тэнд таван үе тоглох болно. Харин энд гурван үе. Дээр нь энд 18 хэмийн дулаан байхад тэнд 30 хэм байна" хэмээн хариулжээ.


Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2010 оны 01 сарын 13 )
 
Кайо сүмогийн түүхэнд нэрээ үлдээж, Чиётайкай зодог тайлсан Хацү башё
Зохиогч Н.Мөнхтөр   
Wednesday, 2010 оны 01 сарын 13



Кайо сүмогийн түүхэнд нэрээ үлдээж, Чиётайкай зодог тайлсан Хацү башё

Хацү башёгийн гурав дахь өдөр энэ цагийн хүчит озэки Кайо мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 808 дахь даваагаа авч түүхэнд нэрээ үлдээсэн юм.

Тэрбээр энэ өдөр өөрийн учраа экс озэки Чиётайкайг илүүрхэн давж дээрх болзлыг хангасан билээ. Озэки Кайо 99 дэх башёдаа барилдаж, домогт их аварга Чиёонофүжигийн үзүүлээд байсан, хэзээ ч дахин давтагдахгүй хэмээгдсэн 807 давааг ахиулснаар Хацү башёг чимж байна.

Кайогийн түүхэн амжилтын гэрч болох гэж нутгийнх нь хөгжөөн дэмжигчдээс гадна түүний ээж хүртэл "Рёогокү кокүгикан" ордонд хүрэлцэн ирж 808 дахь даваанд хувь нэмрээ оруулсан юм. Ийнхүү мэргэжлийн сүмогийн "Томозүна" дэвжээнийхэн баяр хөөрт умбаж байхад "Коконоэ" дэвжээний ояаката, мэргэжлийн сүмогийн их аварга, алдарт Чиёонофүжи нүдэндээ нулимс цийлэгнүүлэн мэдэгдэл хийж, экс озэки Чиётайкайг зодог тайлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Нэгэн цагт сүмогийн өнгийг тодорхойлж, озэки цолтнуудын эрэмбийг харуулж, таниулж явсан Чиётайкай зодог тайлсан нь үзэгчдийг төдийгүй мэргэжилтнүүдийг ч "шооконд" оруулаад байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд 10 гаруй удаа кодобан буюу цолоо хамгаалах барилдаан хийж озэки цолоо хамгаалж байсан Чиётайкай өнгөрсөн башёг дөрвөн даваа, 11 унаатайгаар үдсэн.

Энэ сард сэкиваке цолтой зодоглосон юм. Сүмогийн холбооноос түүнийг 10 давбал озэки цолыг нь эргүүлэн олгохоо мэдэгдэж байсан хэдий ч Чиётайкай эхний гурван өдөр дараалан өвдөг шороодсон нь түүний цолоо эргүүлэн авах найдлага тасарсныг илтгэнэ. Иймээс озэки Чиётайкай "Коконоэ" дэвжээний ояаката Чиёонофүжитэй зөвшилцсөний эцэст зодог тайлах болсноо зарласан нь энэ. 2010 оны Хацү башё аваргуудын араас эрэмбэлэгддэг арсан цолтнуудын хувьд хатуухан болж байна. Үүнийг батлах мэт башёгийн дөрөв дэх өдөр зодоглосон озэки Котоошюү, Котомицүки, Кайо, Харүмафүжи нар өрсөлдөгч бөхөө дийлэлгүй нураад өглөө.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаа болох макүүчид манай улсын 12 сүмоч зодоглож байна. Тэдний барилдааны амжилт ч башёгоос башёд улам чангарч Япончуудын зүрхэнд "шар ус" хуруулж, шүдний нь өвчин болсон. Дээд зиндаанд 42 бөх зодоглодгийн 12 нь Монгол сүмоч. Тун удахгүй жюүрё зиндаанаас дээш дэвших Монгол бөхчүүд ч байгаа. Макүүчи зиндаанд багагүй хугацаанд барилдаж туршлага суусан Корюү Мөнх-Оргил энэ башёд дээд зиндаанд эргэн иржээ.

Тэрбээр энэ удаад маэгаширагийн зүүний 15-аас босч байгаа. Дөрвөн өдрийн дараагаар нэг даваа аваад байгаа ч үлдсэн барилдаанд хичээж хүч үзвэл макүүчид үлдэх боломжтой. Өчигдөр тэрбээр Китатайкайтай барилдаж ёрикири мэхэнд нь өвдөг шороодсон. Хакүба Өнөржаргал башёгийн дөрөв дэх өдөр анхныхаа давааг авсан юм.

Тэрбээр "жүжигчин" хочит Такамисакариг ёритаоши мэхээр дохёгоос нисгэж чадлаа. Моконами Базарсад маэгаширагийн барууны 11-т эрэмблэгдсэн. Башёгийн дөрөв дэх өдөр нутгийн ах Асасэкирюүтэй хүч үзсэн ч даваа авч чадсангүй. Моконами дөрвөн өдрийн дараагаар нэг даваа, гурван унаатай болжээ. Харин Асасэкирюү Дашням гурван даваа, нэг унаатай барилдаанаа үргэлжлүүлж байна. Шотенро Нямсүрэн өчигдөр Тамаваши Мөнх-Оргилтой хүч үзсэн юм.

Энэ удаад тамаваши барилдааны эхнээс илүүрхэн барьцанд хүрч ошидаши мэхээр Шотенрог давжээ. Шотенро маэгаширагийн барууны 9-т эрэмблэгдсэн бол Тамаваши барууны 7-гоос босч байгаа. Цагтаа мэргэжлийн сүмогийн комүсүби цол хүртэж байсан Токитэнкү Хүчитбаатар башёгийн дөрөв дэх өдөр уран барилдаант Аминишикитэй оноолт тааран барилдсан. Аминишики энэ удаа мөн л уран сайхан барилдаан үзүүлж Токитэнкүг ошидаши мэхээр давсан юм. Токитэнкү нэг даваа, гурван унаатай болоод байгаа. Монгол Улсын гавъяат тамирчин Кёкүтэнхо Цэвэгням Япончуудын найдвар, ирээдүйн "аварга" хэмээгддэг Кисенесатог өчигдөр барсангүй. Тачиай дээрээс Кисенесато манай бөхийг илүүрхэн ёрикири мэхээр түрээд гаргачих нь тэр.

Баруун жигүүрийн комүсүби Какүрюү Ананд өчигдөр озэки Котоошюүг тэнгэр харуулав. Хоёр бөх өмнө нь олон удаа таарч барилдахад Котоошюү илүүрхэж байв. Комүсүби Какүрюү Ананд озэки Котоошюүг давснаар даваа, унаа ижил хоёр болжээ. Харин озэки Харүмафүжи өчигдөр Тоёоношимагийн шитатэнагэ мэхэнд уналаа. Их аварга Асашёорюү Миябияамаг, Хакүхо Гойдог хаяснаар их сүмогийн Хацү башёг итгэлтэйхэн тэргүүлж байна.


Сүүлд шинэчлэгдсэн ( Wednesday, 2010 оны 01 сарын 13 )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 29 - 35 - 388

Цаг, Өдөр

Videos

Added by:Uuganbayar
Rating:
Views:513
Date:23-09-2008

Хэн холбогдсон байна

Бидэнд 10 зочид онлайн

Зочилсон тоо

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр157
mod_vvisit_counterӨчигдөр224
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт837
mod_vvisit_counterЭнэ сард1904
mod_vvisit_counterНийт140594
USMongoliaTennis.Com

Зар Суртачилгаа

eSportsonline - 20% Off Plus Free Shipping with Flyer Code 6A
2008 USMongoliaTennis.com | ?????? ?????? ???????v????? ???????????? ?????????.