|
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг – Биеийн тамир, спортын газар нь 2009 онд 132 ажил, үйлчилгээг зохион байгуулж гүйцэтгэсний дотроос дараах ажил асуудлыг онцлон мэдээлж байна. 1.Биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд баримтлах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ахицтай ажилласнаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг 14, УИХ-ын тогтоол 2, Засгийн газрын тогтоол 7, тэмдэглэл 3, Ерөнхий сайд, яамны сайдын захирамж, тушаал 4 гарлаа. Тухайлбал: •Биеийн тамир, спортын тухай хуулинд УИХ-аас өөрчлөлт оруулан баталснаар БТС-ын төрийн болон төрийн бус байгууллагад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа хийгдэх боллоо. •Төрөөс БТС-ын талаар баримтлах бодлогыг УИХ хэлэлцэн баталж өглөө. Үүгээр БТС-ыг хөгжүүлэх ажлын зорилго, чиг үүрэг тодорхой болж, салбарын материаллаг баазыг бэхжүүлэх хөрөнгө, санхүүгийн төсөв нэмэгдэх боломж бүрдэнэ. •МУ-ын Засгийн газраас “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай 5 дугаар” зөв хооллох, дасгал хөдөлгөөний үндэсний стандарт батлах тухай 239 дүгээр, амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох тухай 326 дугаар, Үндэсний спортын их наадам 2010 онд зохион явуулах тухай 211 дүгээр тогтоол гарч хэрэгжих болсон нь иргэдийн болон тамирчдын талархалыг хүлээж байна. •Мөн Засгийн газрын 149, 252 дугаар тогтоол гарч 2010 онд манай эх оронд жүдо бөхийн дэлхийн цом, боксын оюутны дэлхийн аварга, эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн Гран-при тэмцээнүүд зохиогдох болно. 2.Салбарын хүний нөөцийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх сургалт, семинар, зөвлөгөөн олныг хийлээ. •Аймаг, нийслэл, дүүрэг, тусгай газрын БТС-ын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг Орхон аймагт хийж 2009 оны зорилт төлөвлөгөөг хэлэлцүүлж цаашид БТС-ын газраас улсын хэмжээнд зохион явуулах ажил, арга хэмжээний тухай ярилцсан юм. •БТС-ын салбарын ахмадын чуулганыг Засгийн газрын ордонд хийж, аймаг хотын 300 гаруй төлөөлөгч ирж оролцож өсвөр үе, хүүхэд залуучуудыг БТС-оор хичээллэх үе дамжсан шилдэг тамирчдыг бэлтгэх, БТС-ын материаллаг баазыг бэхжүүлэх үйлсэд ахмад үеийн оруулж байгаа ажил, цаашид хийх ажлын талаар уриалга гарган хэрэгжүүлж байна. •БТСГ нь салбарын ажилтан нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтын төлөвлөгөө гаргаж, түүнийгээ мөрдөн ТАХ-чдад 13 сэдвээр холбогдох мэргэжилтэн, эрдэмтдийг урьж хичээл заалгалаа. •Увс, Булган, Дорноговь, Сүхбаатар аймаг, нийслэлд аймаг, дүүргийн засаг даргын тамгын газар, боловсролын газар, эрүүл мэндийн газар, БТСГ-ын удирдлага арга зүйч нарын сургалтыг зохион байгуулж 54203 хүнээс хүний биеийн чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авч дүнг нэгтгэн гаргаж судалгаа хийлээ. 3.Өсвөр үеийг БТС-оор хичээллэх, эрүүл амьдралын хэв маягт сургахад анхаарч •Асуудал боловсруулан хэлэлцүүлсэний үндсэн дээр БСШУ-ны сайдын тушаал гарч 2009 оны гуравдугаар сарын 01-ээс спортын төв ордонд БТС-ын гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн дунд сургуулийг байгуулж, спортын 10 гаруй гаруй төрлөөр 200 гаруй сурагчийг сонгон шалгаруулж аваад ирээдүйн шилдэг тамирчин болгохын төлөө тогтмол хичээллэж байна. •Олон улсын хүүхдийн спортын их наадмыг анх удаа эх орондоо спортын таван төрөл, мөн үндэсний спортын гурван төрөл дээр зохиож таван орны 300 гаруй тамирчин оролцлоо. Цаашид Монгол туурагтан хүүхдийн их наадмыг оролцсон орнууд өөрийн нутагт ээлжлэн зохион байгуулахаар боллоо. •2009 онд орон даяар оюутны спортын их наадмыг спортын 18 төрлөөр зохион явуулж, 129 их, дээд сургуулиудын 35400 оюутан оролцож хурд хүчээ сорилоо. 4.МУ-ын Засгийн газрын 5 дугаар тогтоолын дагуу “Биеийн тамир – Эрүүл мэнд” уриан дор сар бүр нэг яам хариуцан нийтийг хамарсан БТС-ын ажил үйлчилгээг зохион явууллаа. Энэ ажлын явцад 13 яам 1657 байгууллагын 1603089 хүнийг хамарч 545 удаагийн ажил, арга хэмжээ зохиогдсон байна. 5.БТСГ нь спортын холбоодтой хамтран ажиллаж, спортын төрлүүдээр улсын аварга шалгаруулах тэмцээн явуулж рекорд амжилт үзүүлсэн тамирчдыг бүртгэж байна. 2009 онд манай тамирчдаас ОУХМ 69, СМ 241, СДМ 228, Улсын шүүгч 44 бүгд 582 хүн цол зэрэг авлаа. 6.Манай эх оронд олон улсын автомотоциклийн бартаат замын уралдаан, сагсан бөмбөг, бадминтоны болон жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдож иргэд, спорт сонирхогчид үзэж тамирчдынхаа амжилтаар бахархлаа. 7.БТСГ нь сонгон шалгаруулах шинэ журам гарган мөрдөж, чөлөөт, жүдо бөх, бокс, цана, тэшүүр, хүндийн өргөлт, буудлага гэх мэт спортын 13 төрлөөр шигшээ баг байгуулж, дасгалжуулагч 25, тамирчин 87 хүнийг сонгон шалгаруулж аваад бэлтгэл сургалтыг байнга хийж байна. Манай тамирчдаас өвлийн Олимпийн эрхийг цанын тамирчин Х.Хаш-Эрдэнэ, парацанын тамирчин Н.Сүхбаатар, Э.Зориг нар аваад бэлтгэлээ хийж байна. 8.Манай үндэсний шигшээ багийн тамирчдаас тив, дэлхийн 45 тэмцээнд 460 тамирчин явж оролцоод, 116 медаль авсаны дотор Х.Цагаанбаатар жүдо бөхийн 66 кг-ийн жинд Дэлхийн аварга, П.Сэрдамба боксын 48 кг-ийн жинд дэлхийн аварга болж Н.Төгсцогт, О.Бурмаа, Т.Төмөрхүлэг нар мөнгөн медаль авч хүн ардаа баярлуулж эх орныхоо нэр алдарыг мандууллаа. Шилдэг тамирчид, дасгалжуулагч нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар Х.Цагаанбаатар, П.Сэрдамба нарыг МУ-ын Хөдөлмөрийн баатраар, Т.Сүхбаатарыг Гавъяат дасгалжуулагчаар, О.Бурмаа, Н.Төгсцогт нарыг Гавъяат тамирчин цолоор, 4 тамирчин төрийн одонгоор шагнагдлаа. МУ-ын Засгийн газрын тогтоол гарч тив, дэлхийн спортын тэмцээнд амжилт гаргаж медаль авсан 104 тамирчинд 479700000 төгрөгийн мөнгөн шагнал олголоо. 9.БТСГ-ын боловсруулсан цанын бааз, мөсөн гулгуурын үнэлгээ, ерөнхий шаардлага, заавал мөрдөх стандарт МУ-ын стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлөөр батлагдан гарч үйл ажиллагаандаа мөрдөх боллоо. 10.БТСГ нь салбарын бүх шатны байгууллагын бодлого, үйл ажиллагааг эрхлэх асуудлын хүрээнд оновчтой ил тод, шуурхай, хүртээмжтэй болгохыг зорин ажиллаж, спортын холбоо, биеийн тамирын хамтлаг, багш, арга зүйч нарын оны шилдэгийг шалгаруулж байна. Мөн Увс, Баянхонгор, Сүхбаатар аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн БТСГ-ын бодлого үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийн үнэлэлт, дүгнэлт гаргалаа. 11.Хөвсгөл, Увс аймагт спортын шинэ ордон ашиглалтанд орж, нийслэлд спортын цогцолбор, Булган, Өвөрхангай, Төв аймагт спортын ордон баригдаж Багануур, Өмнөговь, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийн спортын ордны засвар хийгдэж олон арван газар БТС-ын талбай, заал, танхим байгуулагдан иргэд биеийн тамир, спортоор хичээллэх нийгмийн материаллаг орчин нөхцөл сайжирч байна. 12.БТС-ын орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийг судалж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин гадаад харилцаагаа өргөжүүлж, БТСГ нь 2009 онд БНКУ, Тайвань, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны БТС-ын байгууллагын төлөөлөгчдийг эх орондоо хүлээн авч хамтран ажиллах гэрээ хийж, манай төлөөлөгчид БНЛУ, Куба, Швейцарь, БНХАУ-ын Шанхай явж БТС-ын байгууллагын ажлын туршлага судалж ирлээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир, спортын газар |